Tuesday, January 01, 2013

Амжилтаараа бусдаас ялгар


“Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж чаддаггүй” гэдэг. Амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй утга учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө эрчимтэй ажиллаж, тууштай тэмцэх хэрэгтэй. Амьдрал утга учиргүй, угтах зорилгогүй тусмаа зовлон зүдүүртэй, хүнд бэрх байна. Аж амьдралаа одоо байгаагаас нь илүү утга учиртай болгох маш тодорхой зорилго тавьж мэрий. Хүн чиглэсэн зорилготойгоор хүчээ шавхан хичээн зүтгэвэл хүссэн амжилтандаа зайлшгүй хүрнэ. Амжилтанд цагаан эсгий, улаан хивс дэвссэн замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар төсөөлбөл алд дэлэм алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож, хөлсөө урсгаж байж амжилтын хаалганы бариулаас атгана. Амжилтанд хүрсэн хүний амжилтын үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр.

Хүн хамгийн сайн чадах зүйлээ хийж байж амжилтанд хүрнэ. Дургүй ажлаа хийсээр дуулимд цуурайтах амжилтанд хүрсэн хүнийг олъё гэвэл өвсөн бухал дундаас хаяж гээсэн зүү хайж олохтой адил юм болох байх. Насаараа алх барьж, дөш нүдсэн дархан хүнийг мэргэжлээ сольж хийлчин болоод хөгжмийн ертөнцөд алдраа мандуул гэвэл юу гэх бол? Хүн дуртай ажлаа хийсээр амжилтанд хүрэхийн гадна бас өөрийнхөө хүчинд итгэж байгаа газартаа чадах юмаа хийж байж зорьсон зорилгодоо хүрэх нь тодорхой. Нэгэн алдартай бөх, дэнж нь хотойхгүй бол би энэ наадамд түрүүлнэ гэсэн утгатай үг хэлж аархсан тухай ам дамжин яригддаг. Энэ бол онгироо сагсуу хүний дэмий үг биш, өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэж, эр бярандаа багтаж ядсан, бөхийн амжилтандаа бардам байгаа зоримог үг байжээ.

Хөнгөн хялбар олдох амжилт ховор. Ойгүй газар араатан ховор, уулгүй газар чулуу ховор, усгүй газар загас ховор гэдэгтэй адил. Хөнгөн олдож байгаа амжилт удаан тогтохгүй. Хаврын цас сэмрэн хайлан урсах мэт тун удалгүй алга болно. Амжилтын оргилд мөчит дөрвөн хөлтөн хүрч эс чадах өндөр уулын халилд үүрэндээ нисэн очих өл бүргэд мэт нисч очихгүй, мэдээж. Амжилтын оргил өөд мацаж байгаагаа өндөр уулын оргил өөд авирч байгаатай л зүйрлэ. Уулын оргилд бэлээс нь мацна. Салхи шуурга, цас мөс, хүйтэн нойтоныг туулж, амь эрссэн эр зоригийн тулаан хийж байж бүргэд өндөглөсөн өндөр халилд дөхөж очно. Уулын оргилд авирахад туулах тэр л бэрхшээл зовлон, бэрх хатууг даван, эр зоригийн тулаан хийж, ялан урагшилсаар амжилтын оргилд дөхнө. Амжилтанд хүрэх өөр дөт бөгөөд шулуун дардан замыг хэнд ч, хэн ч засаж бэлдээгүй. Тийм бэлэн зассан зам хүсч мөрөөдөж байгаа бол амжилтын оргил мөрөөдсөний гарз.

Амжилт өөд ганцхан зам хөтөлнө. Энэ бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам. Энэ зам өргөн нарийнтай, дэгэн догонтой. Зарим хүнд нарийн бүдэг зөрөг зам ч тохиож магад. Ийм замаар өгсөж яваа хүн үнэнхүү их ухаан, үлэмж их хүч чадал зарж, бусдаас шаргуу хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхийн тулд ажил хөдөлмөр хичээл зүтгэлийн замаас өөр зам хайж байгаа бол бүтэлгүй буруу зүйл бодож төлөвлөж байна гэсэн үг. Тийм хүмүүсийг сэргээш хэрэглэсэн тамирчин шиг цахилгаан цахиад өнгөрөх төдийд баярлуулаад гомтгосон гунигтай амжилт хүлээнэ. Сэргээш хэрэглэсэн тамирчин шагналаа буцаан хураалгаж, нэр төрөө баллах болохоор юуных нь ч амжилт байх билээ дээ. Зөв явбал зөрөг замаар ч ахиж гэлдэрсээр амжилтын эзэн болох боломж бий.

Амжилтанд хүрэхэд чиний зоримог мөрөөдөл, тэнгэрлиг найдвар чамд туслана. “Зоримог мөрөөдлөөс өөр юу ч тийнхүү ирээдүйг бүтээхэд тусалж чадахгүй”. Найдвар бол хүнд байдаг сайн сайхан зүйл дотроос хамгийн ашигтай нь юм. Гэгээн гэрэлт ирээдүйг зөгнөсөн найдвар хүнийг үргэлж зоригжуулж, сайнд тэмүүлэх хүч чадлыг нь дотоод сэтгэлийн гүнээс байнга сэлбэж байдаг. Тэнгэрлиг мөрөөдлөөр жигүүрлэн, амжилтын оргил өөд тэмүүлэн байгаа хүнийг ямар ч саад бэрхшээл зогсоож эс чадна. Хүрэхийг зорьсон амжилтандаа эргэлзэх буюу дутуу хагас найдаж байгаа хүн өөрийнхөө хүчинд бүрэн дүүрэн итгэж чадахгүйгээр сэтгэлийн хүлээсэнд баглагдсан байна. Тийм хүмүүст сэтгэлийн хүлээсээ тайлж, өөрийгөө ялах зориг хүч, сэтгэлийн тэнхээ дутдаг. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялж, амжилт олно. Өөрийгөө ялсан өчүүхэн бага ялалт бүхэн бие болоод оюуныг шинэ эрч хүчээр сэлбэнэ. “Өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй”. Юуны төлөө энэ ажлаа хийж байгаагаа лавтай мэддэг, өөрийн үйл хэрэгт өчүүхэн ч эргэлзэхгүй итгэдэг хүн л ялалт байгуулна.

“Хувь заяа ямагт зоригтны талд байдаг”. Эр зориг бол сэтгэлийн агуу чанар, түүнгүйгээр ялалт амжилтын аль аль нь бүтэшгүй. Зоригтой хөдөлсөн хүнд амжилт ойр, айж хулчийн зүрх алдах тоолонгоор амжилт холдон холдсоор алсрана. Яагаад гэвэл “Айдас нь ухаантныг тэнэг, хүчтэнийг сулбагар болгодог” юм. Ялахын тулд олон даваа давна, зоримог байдал ялалтын эхний даваа. Өрсөлдөөнд ялах болов уу, үгүй болов уу гэж эргэлзсэн, ялагдаж магадгүй гэж бодсон хүний амжилт тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар аль хэдийнэ буурчихсан байдаг нь үнэн. Өрсөлдөгчийнхөө сүрэнд дарагдаж, сүлд хийморь нь доройтсон хүн өрсөлдөөн эхлээгүй байхад ялагдлаа хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй. Өрсөлдөөн тэмцээнд дан ганц эр зоригийн хүчээр ялна гэвэл тун гоомой бодол. Аль ч өрсөлдөөнд сансарт нисэхэд бэлдэж байгаа мэт маш сайн бэлдэж байж амжилт гаргана. Сайн бэлтгэсэн хүн өрсөлдөөн эхлэхээс өмнө ялалтын тэн хагасын оноог цуглуулж чадсан байна. Ялалт амжилтанд хөлсөө урсгасан хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн хат, итгэл найдвар, эр зориг үнэхээр чухал. Эдэнгүйгээр амжилтын тухай бодож санагалзан, хүсч мөрөөдөх нь илүүц. Энэ бүгд цөм чамд дээд зэргээр цогцолсон байгаад ухаан дутах юм бол амжилт салхинд хийсэх хамхуул мэт өнхрөн алга болно. Амжилтанд хүрэхийн тулд хар хөлсөө шанага шанагаар хий дэмий урсгаад нэмэргүй. Хөлсөө ухаалаг урсгах хэрэгтэй. Оюун ухааныхаа яндашгүй, зүйрлэшгүй их хүчийг дээд зэргээр ашигласан хүнийг ялалт амжилтын тэнгэр ямагт ивээнэ. “Ухаан дутагдсан газар бүх юм дутагдана”. Тэр тусмаа амжилт. Аливаа ялалт шударга байх ёстой. Шударга бусаар ялах нь шударга өрсөлдөгчийн хувьд золгүй явдал. Өрсөлдөгч тал нь хүч чадлаар сул бол ялагч болоход түвэгтэй биш. Асар их хүч хөдөлмөр зарж амжилт ялалтын оргилд гарч болно, харин түүнийг хадгалах амаргүй. Дараа дараачийн бүр хатуу ширүүн өрсөлдөөн мэргэжлийн зодоончдын аваргын бүсийн төлөөх тулаан шиг шил шилээ харан хүлээж байна.

Зүгээр нэг байдаг амжилт биш товойж ялгарсан амжилтын эзэн байхын тулд төрөлхийн авьяас билэг дээр чадлаа шавхсан маш их хичээл зүтгэл шаардлагатай. Аль ч талаараа бусдаас илүү байж л ялгарсан амжилтанд хүрэх бололцоотой юм. Ирээдүйг донсолгох том зорилгын төлөө явж, дээд амжилтыг эвдэхээр бэлтгэлээ хангаж байгаа тамирчин лугаа хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байж ялгарсан амжилт гарна. Жирийн хүмүүс өөрөөсөө ахдам том зорилго тавьдаггүй. Ялгарсан амжилтанд хүрэхийн тулд бололцооноосоо хол давсан гэмээр зорилго тавихын зэрэгцээ хэн нэгнээс хараат бус, хийх гэсэн зүйлээ толгой мэдээд хийчих эрх мэдэлтэй байх ёстой. Хэчнээн их зүйлийг хийж, гэхдээ маш сайн хийж, ямар гайхамшгийг бүтээж болохыг тархи толгойдоо бодож төлөвлөн, нүд нь сэргэж, гар нь загатнаж байсан ч түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй бол дотор бачуурч, орилж хашгирмаар болохоос өөр олигтой үйлдэл хийж үл чадна. Ялгарсан амжилтын эзэд өөрөөсөө дор чадвартай хүнээс тушаал заавар авах дургүй. Үүнийг доромжлол гэж үзнэ. Эд нар жирийн хүмүүсээс өөр сэтгэлгээтэй, зарим авьяастай хүнд байдаг шиг этгээд гэмээр зан авиртай. Тэд чадваргүй байдал, чадлаа нөөсөн залхуу занг үзэн ядна. Ялгарсан амжилтанд ягуухан зугуухан урсгалаараа явсаар хүрнэ гэж мөрөөдөх нь өөрийгөө хуурсан хэрэг. Ялгарсан амжилтыг шахуу зорилготойгоор төлөвлөх хэрэгтэй. Үлгэрийн баатрын бие өдөр сараар суга өссөөр энтээ уулыг дэрлэж, тэртээ уулыг жийж, сухай шиг сунаж хэвтдэг тухай үлгэр туульст гардаг. Хүрэх амжилтаа үлгэрийн баатар шиг суга өсөхөөр зоримог төлөвлөн хэрэгжүүлж байж ялгарсан амжилтанд ойртож очно. Ялгарсан амжилт гэдэг нь бусдын хүрч чадсанаас давж гарсан, өдөр шөнө мэт ялгаатай өндөр амжилтыг хэлж байгаа билээ.

Үргэлж шинэ, ямагт чанартай, бусдаас илүү байж ялгарч товойсон амжилт, алдар нэрийн эзэн байна. “Алдар нэр гэдэг бол тасрашгүй чармайлт” гэдгийг санаж явах шаардлагатай. Ажлаараа өрсөлд, амжилтаараа ялгар.