"Тод тусгал" таныг эх орныхоо оюунлаг сэхээтнүүдийн нэг болох доктор Б.Батцэнгэлтэй уулзуулж байна. Түүнийг энэ цагийн Монголын шилдэг математикчдийн нэг хэмээн олон хүн үнэлдгээс гадна шавь нар нь олон улсын математикийн олимпиадаас медальгүй ирсэн тохиолдол ховор гэлцдэг. Орчлон, Соёмбо сургуулиудад зөвлөх багш хийдэг тэрээр дунд сургуулийн математикийн хичээлийн цагийг багасгасан явдлыг эрс буруушааж байна.
Оюун ухааны академи, спорт гэдгийг би тийм мундаг, хүнд хэрэгтэй зүйл гэж хэлж чадахгүй
Хичээлийн шинэ жил эхэлж байна. Хүүхэд насны хичээлийн шинэ жилийн дурсамжаасаа хуваалцаач?
Одоогийн хүүхдүүдтэй харьцуулах юм бол нэг их онцгой юм байхгүй дээ. Зуслан дээрээ амарч дуусаад л хотод хүрч ирээд хичээлдээ ордог байсан. Тэр үеийн хүүхдүүд одооны хүүхдүүд шиг хичээлийн бэлтгэл энэ тэр гэж сүйд майд болдоггүй. Хэдэн дэвтэр байхад л болдог байлаа.
Та хэзээнээс эхэлж математикт дурлаж, сонирхолтой болсон хүн бэ?
Зургаа, долдугаар ангиасаа эхэлсэн. Намайг математикт дурлахад манай аав их нөлөөлсөн. Геологийн маркшейдер мэргэжилтэй хүн байсан юм.





