Математикийн хичээлдээ төдийлөн сайн биш, эсвэл улам сайжирмаар байгаа ч аргаа нэг л олохгүй байгаа бол чамд дараах зөвлөгөө тус болно.
1. Мэдээж гэрийн даалгавар хамгийн чухал
1. Мэдээж гэрийн даалгавар хамгийн чухал
Ямар ч хичээлд сайжирч болох хамгийн том боломж бол гэрийн даалгавар байдаг. Анги дээр үзсэн хичээлээ хичнээн сайн ойлгосон ч гэртээ очоод давтахгүй бол ямар ч нэмэр байхгүй. Бид заримдаа дараачийн амралтаар давтлаганд суугаад математиктаа сайжирчихна гэж бодоод нэг хэсэг сөхөх ч үгүй орхичихдог. Гэтэл хамгийн сайн давтлага бол гэрийн даалгавар юм шүү. Тиймээс гэртээ хичээлээ хийх сайхан орчин бүрдүүлж байгаад гэрийн даалгавраа заавал хийгээрэй.
2. Гүнзгийрүүлэн бод
Багш нар маань ч хэлдэг, бид өөрсдөө ч мэддэг нэгэн арга бол нэг төрлийн өөр өөр бодлогуудыг гүнзгийрүүлэн бодох. Гэтэл дөнгөж гэрт өгсөн бодлогоо бодохтой, бодохгүйтэй байхад бидэнд нэмж бодох тохиолдол маш ховор. Тэгвэл сонирхолтой бөгөөд үр дүнтэй нэгэн арга зааж өгөхөд гэрийн даалгаварт өгсөн болон өөрийнхөө ойлгохгүй байгаа бодлогуудаа төрөлжүүлээд ялга, дараа нь зөвхөн нэг өөр төрлийн олон бодлого бодоод, дахин тэр төрлийн бодлого дээр алдахгүйгээр ойлго. Гэрийн даалгаварт чинь олон бодлого өгсөн бол заримыг нь үлдээж болно. Гол нь чи бодлогоо ойлгох нь чухал шүү дээ. Тэгээд дараа дараачийн төрлийн бодлого руугаа орж болно. Өөр бодлого ч гэсэн ойлгоод эхэлвэл математик сонирхолтой шүү дээ.
3. Багшаасаа байнга асуу
Анги дээр, гэрт гээд мэдэхгүй зүйл гарвал бид аль болох мэддэг хүүхдээс асуух буюу хуулахыг боддог. Учир нь багшаас асуувал "Иймэрхүү бодлого мэдэхгүй яасан муу хүүхэд вэ" гээд бодчих вий гэж санаа зовдог. Гэхдээ үнэндээ 7-р ангийн чинь бодлого байсан ч болно багшаасаа очоод асуу. Багшаасаа асууж тайлбарлуулах нь найзаасаа хуулснаас хэд дахин илүү үр дүнтэй байдаг юм. Чиний өмнө нь үзсэн бодлогоо мартсанаас илүү хийх чин хүсэл эрмэлзлэл багшид чинь заавал таалагдах болно. Бүр болохгүй бол ангийн онц сурлагатнаас асуу, тэр чамд нээлттэй хэлж зааж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн математикийн хичээлдээ чи өөрөө гүйцэж нөхөж чадахааргүй хоцрогдолтой гэж бодож байгаа бол эцэг эхдээ хэлээд багшаасаа ганцаарчилсан давтлага авах эсвэл хоцрогдол арилгах курст сууж болно.
4. Чи ч гэсэн Эйнштейн
Бид зөвхөн үзсэн бодлогоо л бодох ёстой гэж боддог. Харин математикдаа илүү сайжрах нэгэн арга бол ирээдүйд үзэх бодлогоо урьдчилан бодож сурах. Гэхдээ мэдээж хичээл дээр үзсэн хичээлээ баттай ойлгосны дараа шүү дээ. Номоо эргүүлээд дараа долоо хоногт, дараа сард, дараа улиралд үзэх хичээлээ бодож үзээд тайлбарыг нь уншаад аравхан минут зарцуулж чадах юм бол дараа нь тэр хичээлийг ороход чи баттай сайн ойлгох магадлал маш өндөр байдаг. Ер нь математикийн хичээл дээр хэзээ ч битгий өөрийгөө хязгаарлаарай.
5. Томъёоны дэвтэртэй бол
Бодлогоо ойлгоод бодоод байж байтал мэдэхгүй томьёо гарч ирэх тохиолдлууд зөндөө. Энэ үед бид дэвтрийнхээ хуудсуудыг эргүүлж байгаад хэрвээ хайсан томьёо минь гарч ирэхгүй бол нэг хэсэгтээ л бодлого бодох сонирхолгүй болдог. Харин тусдаа дэвтэр гаргаад төрөл төрлөөр нь бүлэглээд үзсэн, мэддэг томъёонуудаа бүгдийг нь бичээрэй. Чиний хайсан томъёо томъёоны дэвтэр дээр чинь байхгүй бол багшаасаа асуугаад марталгүй томъёоны дэвтэр дээрээ бичээрэй. Ингэж томъёоны дэвтэрээ баяжуулж чадвал оюутан болсон ч чамд хэрэг болно шүү. Гэхдээ томьёоны дэвтэр дээрээ эмх цэгцтэй, нямбай бичиж байлгаарай.
6. Анхаарлаа үл сарниулах 40 минут
Бидний хамгийн их зүйлийг мэдэж авах боломжтой хугацаа бол хичээлийн цаг. Энэ үед бидний боддог хэд хэдэн эндүүрлээс хичээлээ ойлгохгүй тохиолдлууд бий.
-Хичээлдээ анхааралтай бай: "Аан энэ чинь ер нь мэддэг юм байна", "За энэ удаа ганцхан удаа юм яриад суучихъя" гэх мэтээр хичээлдээ анхаарахгүй байх шалтгаанууд зөндөө байдаг. Гэхдээ чиний хамгийн том шалтгаан бол тэр хичээлийг ойлгох л шүү дээ. Тиймээс мэддэг хичээл байсан ч хичээлдээ заавал анхаарч байгаарай.
-Хичээлдээ анхааралтай бай: "Аан энэ чинь ер нь мэддэг юм байна", "За энэ удаа ганцхан удаа юм яриад суучихъя" гэх мэтээр хичээлдээ анхаарахгүй байх шалтгаанууд зөндөө байдаг. Гэхдээ чиний хамгийн том шалтгаан бол тэр хичээлийг ойлгох л шүү дээ. Тиймээс мэддэг хичээл байсан ч хичээлдээ заавал анхаарч байгаарай.
-Дэвтэр дээрээ заавал бичиж тэмдэглэ: Багшийг самбар дээр тайлбарлаж байх үед бичихгүй, харин самбар руу хараад суучихдаг. Багшийг тайлбарлахад үнэхээр сайн ойлгоод, "аан, за ойлголоо" гээд толгой дохиод байсан чинь дараа нь бодлого бодох гэхээр нэг л болж өгдөггүй тохиолдлууд олон удаа гардаг. Үүний хамгийн том шалтгаан нь бид дэвтэр дээрээ бичиж тэмдэглэдэггүйд байгаа юм. Ойлгосон бол тэр даруйд нь дэвтэртээ буулгаж байгаарай.
7. Өөрийгөө залхаах нөхцлийг бүү бүрдүүл
Мэдээж бодлого бодох үед толгой маш их ажиллах хэрэг гарна. Компьютерийг хэт их ажиллуулж олон үйлдэл хийхэд гацдагийн адираар хүний ч тархи тодорхой хэмжээний ачааллыг даах чадвартай, түүнээс хэтэрвэл залхах, тээршаах гээд байдаг. Тиймээс өөрийн тархиа хэт их ачааллуулахаас хол байж амралт өгөх хэрэгтэй. Хичээлээ хийх үедээ 1 цаг болоод дунд нь 10-15 минутын завсарлага авч өөртөө амралт өгч байгаарай. Мөн хичээлээ хийж байхдаа цэвэр ус эсвэл өөрийн дуртай ундаагаа бага багаар ууж байгаарай.
Эцэст нь дурдахад МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛДЭЭ САЙЖРАХ НЬ чиний өөрийн зүтгэл чармайлтаас 100% шалтгаалах бөгөөд дээрх аргыг хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ гэдгийг дахин сануулъя.
Эх сурвалж: YOLO.MN