Friday, May 10, 2013

Суудлын хуваарь бүхий хуудсыг зургаадугаар сарын 1-нээс тараана

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.
 

 -Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд орох вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд цахим хэлбэрээр орон даяар амжилттай үргэлжилж дууссан. Нийтдээ 43875 хүүхэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн. Тодруулбал энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа 37 мянга гаруй хүүхэд өмнөх онуудад төгссөн ч дахин их, дээд сургуульд элсэхийг хүссэн 6000 гаруй шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлээд байна.
-Хүүхдүүд ямар хичээлээр түлхүү шалгалт өгч байна?
-Арван хичээлээс сонгож бүртгүүлсэн 43000 хүүхдийн 37000 орчим нь математикийн хичээлийг сонгосон байх жишээтэй. Математик, англи хэл, нийгэм гэсэн хичээлүүдийг маш олноор сонгон өгч байгаа. Энэ нь тухайн хүүхдүүдийн өөрсдийнх нь мэргэжлийн чиглэлээс хамаараад хийж байгаа сонголт шүү дээ. Шалгуулагчид математикийн хичээлийг ихээр сонгосноос нь байгалийн ухааны буюу техник, инженерийн чиглэлийн талыг түлхүү сонирхож байгааг мэдэж болохоор байна. Ер нь жилд хамгийн их сонгогддог нь математик бага нь түүх гэх мэт байдаг. Энэ бол сургуулиудаас элсэлт авахаар зарласан хяналтын тоо, мэргэжлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой.

-Шалгалт хэзээ зохион байгуулагдах вэ. Шалгуулагчид ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд орон даяар хичээл тус бүрээр зэрэг авна. Хүүхдүүд шалгалтад хамрагдахдаа бүртгэлийн баталгаажсан хуудастайгаа ирэх ёстой. Энэ жил төгсч байгаа хүүхдүүд бүртгэлийн хуудсаа сургуулийн захирал болон аймгийн боловсрол соёлын газар, дүүргийн боловсролын хэлтсийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуц-сан ажилтнуудаар дамжуулан авна. Ингэхдээ гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй. Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төв дээр ирж хариуцсан мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Мөн шар хуудас гэж хэлж заншсан суудлын хуудсыг авах ёстой. Үүнийг улс орон даяар нэгэн зэрэг зургадугаар сарын 1-10-ны хооронд тараана. Энэ жил төгсч байгаа хүүхдүүд сургуулийн захиргаагаараа дамжуулан авна. Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлан зарласан газраас бичиг баримттайгаа очиж шар хуудсаа авах ёстой. Дээрхээс гадна иргэний үнэмлэхтэйгээ шалгалтад ирнэ. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй хүүхдүүд хорооны даргын тодорхойлолт, сургуулийн захирлын сурч төгссөн гэсэн зурагтай тодорхойлолт авчрах ёстой. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрч материалаа бүрдүүлж өгсөн хэрнээ Иргэний бүртгэлийн газраас үнэмлэхээ авч чадаагүй бол тэндээс гаргасан лавлагаа хуудас авч шалгалтад орох боломжтой. Бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Эдгээр дөрвөн бичиг баримтуудыг бүрдүүлснээр шалгалтад ямар нэгэн асуудалгүй орно.
-Сургуулиа төгсөөд олон жил болсон хүн шалгалт өгч болох уу?
-Болно. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн хэн ч байсан нас хамаарахгүй орох эрхтэй.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ном худалдаанд гарсан уу?
-Манайхаас төвөөс шалгуулагчдад зориулж 2006-2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтад ирж байсан тест даалгаваруудыг эмхэтгэл болгон гаргасан. Ингэхдээ ялангуяа 2012 оны даалгавруудын нэмэлт бодлогуудыг гүйцэтгэх зөвлөмжтэй нь ном болгож гаргаад шалгуулагчдын гар дээр хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Хөдөө орон нутгийн шалгуулагчид өөрсдийн харьяа боловсролын газраар дамжуулаад энэ номыг олж авах боломжтой. Харин нийслэлийн шалгуулагчдийн хувьд Мир номын дэлгүүрүүдээс дээрх номыг авч болно. Өмнөх онд ирж байсан даалгавруудыг жишиг байдлаар оруулж өгсөн даалгаврууд байгаа.
-Өнгөрсөн жилүүдэд оны элсэлтийн ерөнхий шалгалтын материал алдаатай болсон тухай хэл ам их гардаг байсан. Үүнийг давтагдуулахгүй байх талаас ямар ажил хийсэн бэ?
-Шалгалт өгөхөөр сонгуулсан арван хичээл тус бүрээр даалгавар боловсруулах ажлыг нэг хичээл дээр хоёроос гурван хүний бүрэлдэхүүнтэй их, дээд сургуулиудын эрдэмтэн докторуудын багийг ажиллуулдаг. Ер нь элсэлтийн даалгавар боловсруулах нь их чухал ажил. Тиймээс энэ жилийн хувьд ч бид анхаарлаа хандуулж элсэлтийн ерөнхий шалгалтын зорилго агуулгад нийцүүлсэн стандартчлагдсан, шинжлэх ухааны үндэслэлтэй даалгавруудаар шалгалт авахыг зорьж ажиллаж байна. Тухайлбал, Боловсролын үнэлгээний төвд бүртгэгдсэн үндсэн даалгаврын санд байгаа даалгавруудаас энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан 6000 орчим даалгаврыг экспертийн багаар шалгуулан ямар нэгэн алдаа мадаггүй болгон эцсийн байдлаар бүртгүүлж авсан байгаа. Мөн шинэ даалгавар боловсруулахаар багууд ажиллаж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар нэгэн байдлаар өмнөх жилүүдэд гарч байсан шиг янз бүрийн алдаатай бодлого гаргахгүй байх талаас бүх л арга хэмжээг авсан гэсэн үг.
-Шалгалтын материал боловсруулах багуудыг хэрхэн сонгодог вэ?
-Ер нь 2006 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалтыг шинэчлэн авч эхэлсэн болохоор Боловсролын үнэлгээний төв дээр элсэлтийн шалгалт боловсруулах болон зохион байгуулах чиглэлээр хүний нөөцийн хангалттай хэмжээнд бүрдсэн байдаг. Хүний нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийг ч бид сургалт семинар зохион байгуулах зэргээр бэлтгэдэг. Тусгай шаардлагад тохирсон хүмүүсийг сонгож авдаг.
-Цахим хэлбэрээр бүртгэх явцад алдаа гарсныг залруулах хугацаа өгдөг. Энэ жилийн хувьд тийм зүйл бий юу?
-Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулаад найман жил болж байна. Жил ирэх бүр зохион байгуулах хүний нөөц, арга технологийн хувьд улам сайжирч боловсронгуй болж байгаа. Тэр хэмжээгээр иргэдийн хувьд элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл бүрдсэн байдаг юм байна. Энэ жилийн хувьд манай Боловсролын үнэлгээний төвөөс мэргэжилтнүүдийнхээ хүч бололцоог дайчлаад Улаанбаатар хотын бүх төгсөгчид дээрээ очиж сургуулиа хэрхэн сонгох, шалгалтад яаж бүртгүүлэх, бэлтгэх зэрэг мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч тулж ажилласан. Мөн 13 аймагт очиж тодорхой хэмжээний сургалт семинар зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнд бүртгэлийн үеэр өмнөх жилүүдэд гардаг байсан хувийн мэдээлэл, хичээл сонголттой холбоотой алдаанууд энэ жил харьцангуй багассан. Мөн бүртгэлийн програмын алхмуудыг зарим нэг хэмжээгээр өөрчилсөн. Тухайлбал хамгийн сүүлд зургаа оруулдаг байсныг өөрчилж зургаа оруулсны дараа бүртгэлийн дугаар нууц үгээ авдаг болсноор энэ жил улсын хэмжээнд зургаа оруулаагүй 69 шалгуулагч л гарсан байх жишээтэй. Шалгалтад орох хүүхдүүдэд хувийн мэдээлэл болон зурагтай холбоотой ямар нэгэн алдааг засварлаад дууссан.
-Шалгалтын байр ажиллуулахаар төлөвлөв. Шалгуулагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Улсын хэмжээнд бүртгүүлсэн бүх шалгуулагчийг нийтдээ 53 байранд хуваарилж шалгалтаа авахаар төлөвлөж байгаа. Багануур болон аймаг тус бүрд нэг нийлээд 22, Улаанбаатарт 31 шалгалтын байр ажиллана. Аль сургуулийн хүүхдүүд хаана очиж шалгалтаа өгөхийг дараагийн долоо хоногт Элсэгчийн сонин, Боловсролын үнэлгээний төвийн сайтаар дамжуулан мэдээлнэ. Жишээлбэл 84 дүгээр сургуулийн хүүхдүүд Батлан хамгаалахын их сургууль дээр очиж шалгалтаа өгнө гэдэг хуваарь тодорхой гарна гэсэн үг. Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд тодорхой заасан байгаа. Шалгуулах байрандаа бичиг баримттайгаа очих цагийн өмнө очих хэрэгтэй. Шалгалтад гар утас, хөгжим, диктопон, тооны машин, томъёоны таблиц хураангуй гэх мэт бусдад саад болох өөрөө хэрэглэх зүйлийг хориглодог байгаа. Эдгээрийг эртнээс анхаарах хэрэгтэй. Бичиг баримтуудыг нэг бүрчлэн тулгаж оруулж байгаа учраас өөрийнхөө өмнөөс хүн оруулах боломжгүй.
-Шалгалт авах багш нарыг хэрхэн сонгодог вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад улсын хэмжээнд 8500 гаруй багш дайчилдаг. Дээрх багш нарт элсэлтийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүдээрээ дамжуулан сургалт мэдээлэл өгдөг. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд ажиллах бүх багшид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны хооронд тусгайлан сургалт семинар зохион байгуулах гэж байгаа. Ингэснээр бүх шалгалтын байрууд дээр элсэлтийн шалгалтыг жигд удирдлагатайгаар зохион байгуулах боломж бүрдэнэ.

Ж.Баярсайхан