Бие даан гүйцэтгэх ажил
Ажлын хуудас
✓ Мэдээлэл хайх, боловсруулах чадвар хөгжүүлэх даалгаврыг ажиллана уу?
Мэдлэгийн зуунд мэдээллийг хайж олох, үнэлэх, хэрэглэх, үнэ цэнэтэй болгон хувиргах чадвартай байх нь чухал. Дэлхийн ихэнх оронд иргэдийн бичиг үсэгт тайлагдалтын асуудал үндсэндээ шийдэгдсэн бөгөөд боловсрол судлаачдын анхаарлын төвд иргэдийн мэдээллийн хэрэглээ, боловсруулалтын төвшинг дээшлүүлэх асуудал тулгамдаж байна. Орчин үед төгсөгчид нь мэдээлэл хайж олох, үнэлэх, хэрэглэх, боловсруулах чадвар эзэмшээгүй бол бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүсийн нэгэн адил бэрхшээл туулж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, тодорхой байр суурь эзэлж чадахгүй болох юм. Энэ чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах даалгаврыг өнөөдрийн семинарын хичээлийн хүрээнд гүйцэтгэнэ үү?
1) Мэдээлэл хайлтын тэмдэглэл хөтлөх даалгаврыг гүйцэтгэнэ үү? Даалгаврыг гүйцэтгэхдээ “Сургалтын арга” сэдэвт холбогдох ном, гарын авлага, материалыг :
a) Номын сангаас
b) Интернетээс гэсэн 2 эх сурвалжаас хайж олно уу?
Номын сан болон интернетээс хайсан өөрийн хайлтын талаарх “Тайлан” - г бичнэ үү?
Дараах зүйлсийг тодруулан, тайландаа тусгаарай.
- Хайлт хийсэн арга, хайлт хийсэн үйл ажиллагааны дарааллаа бичнэ үү?
- Хайлт хийсэн түлхүүр үгс ба гарчиг /Цахим номын сан болон интернетээс хайлт хийж буй тохиолдолд/
- Эрсэн материалаа олсон ба олж чадаагүй эсэхийг бичих
- Та ямар ямар номын санд хайлтаа хийсэн бэ? /Зөвхөн сургуулийн номын сангаар хязгаарлах уу?, өөр боломжийг эрэлхийлэх үү?/
- Номын санд таны хайсан ном, гарын авлага, судалгааны ажил хэд байгаа болох?
- Хэний зохиосон, ямар нэртэй ном, гарын авлага, судалгааны ажил болох, хэдэн онд зохиогдсон, бичигдсэн болох
- Ном, эх материалыг хайх явцад тохиолдсон бэрхшээл байсан уу?, яаж шийдвэрлэсэн бэ?
- Номын сан болон интернетээс олсон ном, гарын авлагыг “Хүснэгтэн мэдээлэл” болгон харуулна уу? Мөн харьцуулалт хийж, дүгнэн бичиж болно.
2) Номын жагсаалт, хураангуй бичих даалгаврыг гүйцэтгэнэ үү?
Өөрийн хайж олсон ном, гарын авлага, судалгааны ажлын “Ном зүй” хэсгээс “Сургалтын арга” сэдэвтэй холбоотой ямар ном, эх сурвалж байгааг уншиж, “Ном зүй” – н жагсаалтыг хийнэ үү? Жагсаалтыг хийхдээ ямар дарааллаар, бичлэгийн ямар стандартаар бичсэнийг ажиглаж, түүний дагуу жагсаалтаа үүсгэнэ үү?
3) Бүтээлчээр унших даалгавар :
• Өөрийн эрэл хайгуул хийн, олсон ном, гарын авлагатай танилцах, дэлгэрүүлэн унших даалгаврыг гүйцэтгэнэ үү?
- Өөрийн хайлтад тулгуурлан, тухайн сэдэв (“Сургалтын арга”) – ийн хүрээнд жагсаасан, эрж хайж олсон бүтээлүүдээс сонгон уншина уу? Энэ нь хичээл дээр ашиглаж буй ном, сурах бичгээс гадна өөр шинээр таны хайж олсон ном, сурах бичиг, гарын авлага байх
- Өөрийн тань сонгон уншсан ном, гарын авлагын ач холбогдлын тухайд “Дүгнэлт” бичнэ үү?
Жич : Багш та “Мэдээлэл хайлтын тэмдэглэл хөтлөх арга” -ыг өөрийн зааж буй хичээлийн хүрээнд хувирган буулгаж, бүтээлчээр ашиглана уу?
Хичээлийн судалгааны баг